НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн мэргэжилтэн Б.Oюун, Л.Билгүүн, ГХУСАЗСЗ-ийн ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал нар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2018.03.27/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон бусад холбогдох албаныхантай уулзалт хийж, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг Цэгийн Үйлчилгээний Төв байгуулах” асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
![](http://103.17.109.33/medias/1f761d90-d912-456c-b5c5-04d43f243116.JPG)
НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү төслийн хүрээнд 2017 онд Үндэсний Статистикийн Хороотой хамтран жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар 7900 гаруй өрхийг хамруулан явуулсан бөгөөд судалгааны урьдчилсан дүн дээр тулгуурлан жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийлэл өргөн тархацтай 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийг сонгож, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг Цэгийн Үйлчилгээний Төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой хамгийн ойр ажилладаг орон нутгийн хамтарсан багийн гишүүд, холбогдох байгууллагуудын ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтыг өнөөдрөөс эхлэн явуулж байна.
Одоогоор манай аймагт хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээг үзүүлэх “Нэг цэгийн өрөө”-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт байгуулан ажиллуулж байна. Мөн аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 2018 оны төсөв батлах тухай 9/03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Түр хамгаалах байр худалдаж авах”-д нийт 250,0 сая төгрөг баталсан бөгөөд одоогоор тендерийн үйл ажиллагаа явагдахаар Үнэлгээний хороо байгуулагдсан байна.
Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймаг нь өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах, тэдэнд эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх “НЭГ ЦЭГ”-ийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа юм. ![](http://103.17.109.33/medias/a8780348-9898-4c0a-bedd-e21a0957925c.JPG)
![](http://103.17.109.33/medias/8e004c9f-0213-4926-985c-1477d2c77b40.JPG)